Өнөөдөр дэлхийн стандартад нийцсэн иж бүрэн цогцолбор “Мөсөн өргөө” спортын ордон нээлтээ хийлээ. Өвлийн спортын ордны нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэргүүтэй албаны хүмүүс, өвлийн спортын холбоод, багш дасгалжуулагч, тамирчид оролцсон юм. Шинэ Яармаг хороололд баригдсан тус спортын ордон нь 2,600 хүний суудалтай юм. Олимпын стандартаар 60х30 хэмжээтэй, 12.7 мянган м.кв талбайтай тус ордон 15 сая ам.долларын өртөгөөр боссон ажээ.
Нээлтийн ёслолд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Монгол мөрөөдөл биелэж, энэ ажлыг санаачилсан П.Цагаан даргад гүн талархал илэрхийлье. Монгол Улс олон улсын Олимпын хорооны стандартад нийцсэн ордонтой болж байгаад баяртай байна. Миний бие Ерөнхийлөгчийн хувиар нийгмийн хариуцлагын хүрээнд хийж байгаа үндэсний компаниудынхаа үйл ажиллагааг үргэлжлүүлэх болно оо. Мөсөн ордны мөсөн дэвжээнээс олимпын аваргууд төрнө гэдэгт итгэл төгс байна...” гэлээ.
Ийнхүү “Степпе Арена” ХХК-ийн хэрэгжүүлж буй “Мөрөөдөл биелэх-Мөсөн өргөө” төсөл амжилттай хэрэгжиж дууслаа. Ингэснээр манай улс “Зүүн Азийн залуучуудын наадам-2023”, “Олон улсын Залуучуудын ногоон наадам-2025”-ыг эх орондоо хүлээн авах алтан боломж бүрдлээ. Энэ том бүтээн байгуулалт улсын төсвөөс бус үндэсний аж ахуйн нэгжүүдийн санхүүжилтээр хэрэгжсэн гэдгээрээ онцлогтой юм.
Тус ордон мөсөн гулгуурын талбай, тамирчид, шүүгчдийн хувцас солих өрөө, хэвлэл, мэдээллийн ажилтнуудын өрөө, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх өрөө зэрэг зөвхөн уралдаан, тэмцээнд зориулсан 10 гаруй өрөө, тасалгаатай юм байна. “Мөсөн ордон”-той болсноор мэргэжлийн хоккей, уран гулгалт зэрэг өвлийн спортын төрлүүдийг Монгол Улсад хөгжүүлэх суурь тавигдаж буйгаас гадна тусгай зориулалтын шал дэвссэнээр бүх төрлийн танхимын спортын уралдаан, тэмцээн, соёл, урлагийн болон хурал, зөвлөгөөн, олон улсын экспо гээд бусад олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулах боломж бүрдээд байна.
Одоогоор сэтгэгдэл алга байна