ЗХЖШ-ын даргын тушаалаар төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021" буухиа тэмцээнийг есдүгээр сарын 23,24-ний өдрүүдэд зохион байгууллаа. "Цэргийн эмнэлгийн тусгай бэлтгэл-2021" буухиа тэмцээн нь хоёр дахь жилдээ зохион байгуулагдсан нь энэ юм. Өнгөрсөн жил ЗХЖШ-ын Эрүүл мэндийн хэлтсээс санаачлан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын эмч, эмнэлгийн ажилтнуудын дунд зохион байгуулж байсан бол энэ жил төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын эмч, эмнэлгийн ажилтнууд оролцсоноороо онцлог болжээ.
Тэмцээнд Зэвсэгт хүчин, Хил хамгаалах ерөнхий газар Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Агаарын цэргийн командлал, Тусгай хүчний цэргийн командлал, Барилга-инженерийн удирдах газар, Цэргийн төв эмнэлэг зэрэг найман байгууллагын 16 багийн 96 тамирчин эрэгтэй, эмэгтэй төрөлд өрсөлдсөн юм. Энэ тэмцээнийг хос тангарагтай эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд багаар ажиллах ур чадвараа нэмэгдүүлэх, эмнэлгийн шаталсан тусламжийг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэх, харилцан туршлага солилцох, цаашид олон улсын тэмцээн болон энхийг дэмжих ажиллагаанд оролцох бэлтгэлийг хангах зорилгоор зохион байгуулсан аж.
Уг тэмцээнд баг тус бүр таван хүний бүрэлдэхүүнтэй оролцсон бөгөөд эхний өдөр багаар ажиллах даалгавар биелүүлсэн бол хоёр дахь өдөр багийн ахлагч, сувилагч, эмнэлгийн зааварлагч, жолооч-дамнуургачины мэргэжлийн үйл ажиллагааны төрлөөр үүрэг гүйцэтгэн өрсөлджээ. Тэмцээнд ХХЕГ-ын эрэгтэй баг I байр, эмэгтэй баг III байр, шилдэг эрэгтэй, эмэгтэй эмч, шилдэг эрүүл мэндийн зааварлагч, шилдэг жолооч зэрэг төрөлд тэргүүлэн багийн нэгдсэн дүнгээр шилдгийн шилдгээр шалгарч шилжин явах алтан цомын эзэд боллоо.
Одоогоор сэтгэгдэл алга байна