Тэртээ 1840 онд Чехийн Кашпар Меличар Балтазар Фидор ба түүний эхнэр Амали нар хамтдаа Опавад гэр бүлийн талхны жижиг бизнесээ эхлүүлжээ. Тэдний анхны бүтээгдэхүүнүүд нь ердөө элсэн чихэрээр амталж, ил гал дээр шатаасан дугуй хэлбэртэй нимгэн талх байв. Дараад нь тэдний хүү Кашпара Теодор эхнэр Маритайгаа гэр бүлийнхээ жигнэмэгийн бизнесийг өвлөн авчээ. Теодорыг гэнэт нас барсны дараа Опава компанийг түүний эхнэр Мари тэргүүлэх болж илүү том хүчин чадалтай үйлдвэр болгожээ. 20-р зууны эхээр Мари Фидор Опава дахь үйлдвэрлэлээ Оломуккийн гудамжинд байрлах томоохон байранд нүүлгэж, орчин үеийн тоног төхөөрөмж худалдан авч үйлдвэрлэлээ улам өргөжүүлэв. Оломукка гудамжин дахь тэдний үйлдвэрлэл 1996 оныг хүртэл үргэлжилсэн түүхтэй. 1926 онд хязгаарлагдмал хариуцлагатай компани Theodor Fiedor GmbH байгуулагдаж Опава дахь үйлдвэрлэлээс гадна Прага, Вена, Будапештэд салбаруудаа нээж байлаа. Тэдгээр салбарт нь 450 орчим ажилчин төрөл бүрийн нарийн боов, жигнэмэг, шоколад үйлдвэрлэж байв. Дэлхийн 2-р дайны үед бизнест нь хүнд срилт тулгарав. Фидорын гэр бүлийг Герман руу албадан гаргав. Харин дайн дууссанаас хойш хэдэн жилийн дараа 1958 оноос Opavia брендийн эхлэл болох Opava Fiedor үйлдвэрийн эхлэл тавигдав. 1968-1980 оны хооронд тус үйлдвэрийг шинэчлэх, автоматжуулах ажилд түүхэн эргэлт гарч Опавиа нь талх, нарийн боовны хамгийн нэр хүндтэй үйлдвэрлэгч болсон байна. Ерээд онд Чехословак улс задарч өмч хувьчлал өрнөх явцад Опавиа үйлдвэрийг бүрэлдэхүүндээ багтаасан Шоколадовный төрийн өмчит компани нь олон улсын Danone Group, Nestlé компаниудын хувьцаа бүхий хувьцаат компани болж өөрчлөгдөв. Үүнээс жилийн дараа Opavia брэнд өөрийн шинэ түүхээ өнөөдрийг хүртэл бичиж байна. Тус брэндийн хамгийн алдартай бүтээгдэхүүний нэг нь та бидний сайн мэдэх Диско печень билээ.
Одоогоор сэтгэгдэл алга байна